Twitter Facebook Delicious Digg Stumbleupon Favorites More

Tuesday, February 27, 2018

Маркетингийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих

Маркетингийн үйл ажиллагаа түүнийг гардан гүйцэтгэх маркетингийн баг бол тухайн байгууллагыг аварч ч чаддах бас мөхүүлж ч чаддах маш чухалд тооцогдох хэсэг юм. Яагаад гэвэл маркетингийн багийн эхлүүлсэн замналыг борлуулалт, үйлвэрлэл, хүний нөөц, санхүү өөрөөр хэлбэл бүхэл бүтэн байгууллагаараа даган дэмжих ёстой. Буруу тийш нь чиглүүлбэл энэ бол үргүй зардал, хайран цаг хугацаа, мөн бусдын хүч хөдөлмөр салхинд хийсэн замхрах болно....
Сайн асуулт гэдэг бол хариултаас ч чухал зүйл юм. Сайн асуулт нь өөрөө хариулт болох тохиолдолууд ч их бий. Сайн асуултыг асууж чадаж байна гэдэг бол тухайн хүн өөрөө энэ салбарыг, энэ шинжлэх ухааныг мөн л сайн мэддэг мэргэжилтэн байж таарна. Иймээс дараах 3 асуултыг маркетингийн багаасаа, үйл ажиллагааны төлөвлөгөөнөөсөө асууж үзээрэй.
  1. Энэ үйл ажиллагаа ямар үр дүнд хүргэх вэ? /Зорилго, нөхцөл байдлын зөрүү/
  2. Төлөвлөж буй үр дүндээ хэрхэн хүрэх вэ? /үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын дэс дараалал, алба хоорондын уялдаа/
  3. Дараагийн алхам юу вэ? /Хүрсэн үр дүнгээ тогтвортой хадгалах/
Ихэнх байгууллагууд энэ 3 асуултын оронд шууд ямар зардал гаргах гэж байгааг юу юунд үрэх гэж байгааг асуудаг нь даанч харамсалтай.
Маркетингийн үйл ажиллагааг ерөнхийд нь ингэж харвал үр дүнд хүрэх магадлалтай. Гэхдээ жижиг хэсгүүдийн үр дүнг хэмжиж болох аргууд олон бий. Жишээлбэл:
  1. Рекламны хүртээмж, үр дүнг тооцох
  2. Брэндийн үнэнч байдлыг хэмжих
  3. Брэндийн хоногшилтын мониторинг
  4. Байршуулалтын судалгаа
  5. Өрсөлдөх чадварын индекс
  6. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс
  7. Ивент арга хэмжээний үр дүн
  8. Зах зээлд эзлэх хувь хэмжээг тодорхойлох

Share:

Thursday, February 15, 2018

Борлуулалтын тоо мэдээнд дүн шинжилгээ хийх

Тоо гэдэг өөрөө 2 талтай. Хичнээн муу тоон үзүүлэлт байлаа ч түүний учрыг мэдэхгүй хүнд сайн мэтээр ойлгуулах боломтой. Хичнээн сайн тоо байлаа ч түүнийг муу тайлбарласнаас муу мэтээр дүгнүүлэх магадлалтай. Иймээс борлуулалтын тоон дээр дүн шинжилгээг хэрхэн хийх тухай товчхон хүргэж байна.
Борлуулалтын тоо мэдээгээ цуглуулахаасаа өмнө юунд зориулж байгаа, ямар шийдвэр гаргалтанд ашиглах мөн хэн гэдэг албан тушаалтанд танилцуулах вэ? гэсэн асуултыг сайтар бодож үзээрэй. Мөн тоо мэдээний үнэн зөв эсэхийг заавал өөрөө шалгах үзэх хэрэгтэй. Алдаатай тоо мэдээнээс алдаатай л дүгнэлт гарна шүү дээ.

  1. Өнгөрсөн үеийн датан дээрээс улиралын нөлөө, үнийн өөрчлөлт, идэвхижүүлэлт болон бусад үйл ажиллагааны /тасалдал, нөөцлөлт / нөлөөлөлүүдийг хасч цэвэр борлуулалтыг ялгаж авах
  2. Үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийн үр нөлөөг тоон дээрээ суулгаж өгөх
  3. Улиралын нөлөөг дахин тооцох
  4. Өнгөрсөн сарын тухайн сартай харьцуулахаас илүү өнгөрсөн үеийн улиралыг тухайн үеийн улиралтай харьцуулах нь илүү бодитой. Эндээс борлуулалтын өсөлт бууралтыг харах
  5. Борлуулалтыг мэдээж төлөвлөгөөтэй харьцуулснаар, мөнгөн дүнгээр, тоо хэмжээгээр, өнгөрсөн сартай, өнгөрсөн улиралтай, өмнөх сартай, өмнөх улиралтай, сувгаар, борлуулалтын ажилтнаар, бүтээгдэхүүний төрлөөр, савлагаагаар, гол харилцагчаар, брэндийн амьдралын мөчлөгөөр, үнэ өөрчлөгдөхөөс өмнөхөөр дараахаар гэх мэтээр харж болно. Гэхдээ ийм байна тэгээд яах вэ? гэдэг асуултанд хариулж чаддаггүй.
Борлуулалтын дүн шинжилгээг ихэвчлэн дараах шийдвэр гаргалтанд зориулж хийдэг.
  1. Төрөл бүрийн үр дүнг хэмжихдээ
  2. Төлөвлөгөө гаргахадаа
  3. Төрөл бүрийн харьцаануудыг баримтлахдаа
  4. Зах зээлээ ойлгохдоо
  5. Богино хугацаанд цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлэх

 
Share:

Wednesday, February 14, 2018

АПУ, MBC компанийн нэгдэл

Олон жилийн түүхт АПУ компани, Спирт бал бурам компаниудын нэгдэх үйл явц өнгөрсөн 2017 онд явагдсан нь бизнесийн ертөнцөд онцлох үйл явдал болсон билээ. Нэг зах зээлд хамгийн том зах зээлийн хувиудыг эзэмшдэг, өрсөлдөгч 2 компанийн нэгдэх үйл явц, нэгдлийн дараа гарах үр дүн нь зах зээл судлаачдын хувьд сонирхолтой байсан. Нэгдлийн үйл явцыг солонгосын компани удирдан гүйцэтгэсэн ба нэгдсэний дараах менежментийг 2 компанийн хамтарсан удирдлагын баг хийж байгаа.
Олон нийтэд харагдаж байгаагаар энэхүү нэгдлээс

  1. Монголын томоохон үйлдвэрлэгчид хамтарч ОУ-ын зах зээлд гарах
  2. Дэлхийд алдартай Heineken компанийн системийг АПУ компанид нэвтрүүлэх
  3. Зардлыг бууруулж дотоодын зах зээлд үр ашигтай ажиллах гэсэн 3 үр дүнг хүлээж байгааг АПУ компанийн удирдлагууд танилцуулсан байдаг.
Мэдээж энэ 3 үр дүнгийн төлөө ажиллах нь гарцаагүй ч энэ 2 компанид ямар асуудлууд тулгарч болох мөн энэхүү нэгдэл нь өрсөлдөгч, нийт зах зээл, хэрэглэгч, дундын зуучлагчдад хэрхэн нөлөөлөх вэ? гэсэн асуулт гарна. /Энэ бол миний л харж буй өнцөг юм/
АПУ компанид тулгарч болох саад бэрхшээлүүд:
  1. Зохион байгуулалтын асуудлууд. Алба хэлтэс, Хүний нөөц, үйл ажиллагааны давхцалуудыг хэрхэн зөв зохион байгуулах вэ? бизнес процессийг дахин загварчлах асуудал
  2. Брэнд хөгжүүлэлт. Нэг сегментэд өрсөлдөгчид байсан Ерөөл, Хараа, Сэрүүн Сэнгүр гэх мэт брэндүүдийг аль нэгийг нь унагалгүйгээр авч явах шаардлага бий болж байна
  3. Төлөвлөлтийн асуудлууд. Үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж байгууллага томрохын хирээр төлөвлөгөө түүнд шаардлагатай бодит мэдээлэлэл судалгааны ач холбогдол улам бүр нэмэгддэг. Буруу төлөвлөгөө, буруу нөөц бүрдүүлэлт, буруу ТЭМ татан авалт нь маш их хэмжээний алдагдлыг бий болгодог.
Энэхүү нэгдлээс Эцсийн хэрэглэгчдийн хүртэх ач тус
Сайнаар гэхээсээ илүү муугаар нөлөөлж болох юм. Зах зээл эрүүл, шударга өрсөлдөөн байсан цагт хэрэглэгчид хүртэх өгөөж нэмэгддэг. Бүтээгдэхүүний үнэ, сонголт, урамшуулал хямдрал хумигдаж илүү үнэтэй бүтээгдэхүүнүүдийг сонголтгүйгээр авах болно. Хамгийн наад захын жишээ нь өнгөрсөн цагаан сар байлаа. Өнгөрсөн жилүүдээр олон төрлийн багцын урамшуулал, үйлдвэрийн үнэ, хямдрал зарлаж байсан бол энэ жил огт байсангүй.

Хэрэглэгчийн сонголтонд хүчээр нөлөөлөх үйл ажиллагаанууд идэвхижинэ. Их хөрөнгө мөнгө зарцуулсан хүчтэй маркетингийг хийж "чи заавал худалдаж ав" гэсэн ятгалагыг хийнэ. Энэ нь хэрэглээний хөгжилд муу нөлөө үзүүлэхээс гадна хэрэглэгчийн өөрийн гэсэн үнэ цэнийг үгүй хийнэ.

Гол өрсөлдөгч Жем, Арвайн үндэс компаниудад нөлөөлөх нөлөө
Сүүлийн 5-10 жил дундыг баримтлан, зах зээлийн тодорхой хэсгийг эзлэн бага зардлаар, цомхон үйл ажиллагаа эрхэлж чамгүй ашигтай ажиллаж байсан энэхүү компаниудад одоо тайван байх боломжгүй болно. Тэднийг зах зээлээс шахаж, амжилттай брэндүүдийн зах зээлийг эзэлж, тэдний эсрэг бодлого явуулна. Одоо эдгээр компаниудад нэг бол хүчтэй өрсөлдөж зах зээлээс нь булаах эсвэл хаалгаа барих 2 сонголт л үлдэнэ. Энэ нь өрсөлдөөн нь лангуун дээрээс эхлэх болно.

Эсрэгээрээ эдгээр компаниудад том боломж гарч ирж байна. Ялангуяа нийт архины зах зээлийн дийлэнх хувийг эзлэдэг стандарт сегментэд сул орон зай үүсч ганц өрсөлдөгчтэй боллоо. Энэ зах зээл рүү хүчтэй дайрч шинэ брэнд хөгжүүлснээр зах зээлээ 2 дахин нэмэх боломжтой болно. Хүмүүч аль хэзээний Хараа, Ерөөлөөс уйдсан байгаа. Мөн үйл ажиллагааны хувьд дээр дурьдсан 3 том сул тал АПУ компанид бий.

Дундын зуучлагч нарт үзүүлэх шахалт дарамт
Хувь шимтгэл дээр үйл ажиллагаа нь тогтож байдаг тэдний хувьд хүндхэн байх болно. хувь шимтгэлүүдийг хасч төлөвлөгөөг өсгөж, авбал ав байвал бай гэсэн байдлаар харилцах болно. Тэдэнд тулгарсан асуудал, буцаалт, санал гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх байдал удаан, олон шат дамжлагаар дамжих хамтын ажиллагааны хувьд холдох болно.




Share:

Tuesday, February 13, 2018

"Up in the air" 2009 киноны тухай


Хүн амьдралдаа хэд хэдэн зүйлүүдийг тэнцвэртэй авч явах, мөн хүвь хүний өөрийн үзэл бодол баримтлах зарчимдаа үнэнч байснаар ямар том үнэ цэнийг бүтээж чадах тухай өгүүлэх "up in the air" кино нь олон залуус амьдралын сургамж, ухаарал өгөх болно гэдэгт итгэлтэй байна.
Киноны утга агуулга
Хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, гэр бүл, ажил мэргэжил.... Энэ бүгдийг нэг сэдвийн дор буюу нэг кинон дотор гайхалтайгаар багтааж чадсан нь энэ киноны онцлох агуулга юм. Орчин үед бүх зүйл автоматлагдаж, мэдээлэлийн технологиудыг илүүтэйгээр ашиглах болсон ч амьд харилцаа гэдэг зүйл хүний амьдралд заавал байх ёстой гэдгийг батлан харуулах уг кинонд хэрхэн эсэргүүцлийг даван туулах ёстойг ч мөн харуулна. Залуухан, эрч хүчтэй эмэгтэйд бүх зүйлүүдийг ухаалгаар ойлгуулж түүнийг өрсөлдөгчөө гэж харалгүйгээр зааж, чиглүүлснээр өөрөө ч амьдралдаа олж хараагүй зүйлсүүдийг олж харах болно. Ганцаардлыг нь үгүй хийж хэмжээлэшгүй их хайрыг мэдрүүлсэн бүсгүй бодит амьдрал дээр хуурамч болох нь танигдсан нь хүсэл мөрөөдлөө хүртэл орхиход хүрч байсан түүнд бас нэгэн ухаарлыг өгнө. Олон жил баримталж ирсэн зарчим, өөрийн үзэл бодлынхоо эсрэг ойлголтыг хүнд тайлбарлах хүндхэн даалгавар ирэхэд түүнийг давж гарах бас нэгэн ур чадвар түүнд байсан. Үүргэвчний тухай өгүүлэх сургамжит лекцэндээ "ойр орчныхоо олон хүмүүсийн харилцаанаас болж та өөрийгөө зовоох хэрэггүй, үүргэвчээ тайлаад та өөрийгөө амраа, чөлөөл..." гэж сургадаг.
Гол дүрүүд
Өөртөө маш том зорилго тавьсан нэгэн. 10 сая километр цуглуулж түүхэнд нэрээ мөнхлөхийг хүсдэг. Түүндээ ч хүрдэг... Хүн бүр үүргэвч үүрч явдаг. Энэ үүргэвчиндээ найзууд, найзуудын найзууд, танилууд, хөршүүд, аав ээж ах дүү нар, ажлынхан, хайртай эмэгтэй гээд л бүгдийг нь уг үүргэвчиндээ хийн үүрч явдаг. Тэдэнд үүсэх асуудал, чамтай харьцах харилцаа зэрэг нь чиний мөрийг ямар их чилээж өвтөгдөгдгийг чи мэднэ. Гэсэн хэдий ч бид үүрсээр л, зүтгэсээр л явдаг. Та насан туршдаа ийм байхыг хүсч байна гэж үү, үгүй юм. Та зүгээр л үүргэвчээ тайлаад хэсэгхээн амар...

Түүнд гэр бүл, амьдрах өөрийн гэсэн орон байр байхгүй. Тэр хүссэнээрээ л амьдардаг. Ажил нь ч түүнд тохирдог. Гэр бүлтэй болохыг хүсэх нь байтугай бодож ч байгаагүй. Гэхдээ тэр нэг өдөр гэр бүл ямар чухал болохыг дүүгийхээ нөхөрт ойлгуулах даалгавартай тулгардаг. Тэр тайлбарлах явцдаа хайр хамгийн чухал нь болохыг ойлгож бүх зүйлээ хаян хайртай эмэгтэйгээ сонгохоор шийддэг юм... 

Маш их эрч хүчтэй, мэдлэгтэй, шинийг санаачлагч, манлайлагч, залуухан эмэгтэй. Тэр бүгдийг өөрөө бүтээхийг хүсдэг. Түүнд ганцхан алдаа байсан нь түүний сонголт юм. Хайртай хүнийхээ төлөө мөн л өөрийн ажил мэргэжил, хүсэл мөрөөдлөө орхин жижиг хотод ирсэн байдаг.

Гол мессеж

Киноны трейлер

Share:

Monday, February 12, 2018

Нийт сонголтын 90%-д өнгө нөлөөлдөг.

Өнгө хүний сэтгэлзүй, мэдрэмж, уураг тархи, бодох процесс тэр бүү хэл дурсамж сэдрэхэд нь хүртэл нөлөөлдөг байна. Тийм учраас өнгө хүнд хэрхэн нөлөөлдөг, хүний амьдралд ямар ямар өнгөнүүд голдуу хар бараан эсвэл сайхан дурсамжуудаг бүтээж ирснийг судлах нь маркетер, брэнд бүтээгчид, дизайнеруудын чухал нэг чадвар байх ёстой гэж үздэг.

Компанийн танилцуулга, лого, бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошго, оффисийн интерьер болон бусад олон зүйлүүд дээр өнгөний зохицлыг авч үздэг. Өнгөний зохицлыг авч үзэхдээ хэд хэдэн зүйлүүдийг чухалчлах шаардлагатай.

  1. Өнгө нь бусдаас ялгаруулахад гол нөлөөтэй
  2. Ой санамжийг сэргээдэг
  3. Хүн нүдээрээ темпратурыг мэдэрдэг тул тархинд халуун, дулаан, хүйтэн мэдрэмжийг өгдөг
  4. Хүчийг илтгэнэ.
  5. Бүтээгдэхүүний зан араншинг тодорхойлно.


Share:

Sunday, February 11, 2018

Сингапур улсаар аяласан тэмдэглэл


Саяхан нэгэн мэдээ уншиж байхдаа 2018 оны Азийн шилдэг 10 их дээд сургуулиудын жагсаалтыг гаргасан байсныг харлаа. Сингапурын Үндэсний Их сургууль Япон, Солонгос, Хятад, Хонгконг улсуудын их сургуулиудыг ардаа орхиж нэгдүгээрт эрэмбэлэгджээ.  Хэдхээн жилийн өмнө хар тамхины наймаа, олон төрлийн гэмт хэрэг үүрлэсэн ядуу тарчиг далайн боомт хот байсан энэ улс боловсролын системээрээ Ази тивдээ нэгдүгээрт дэлхийд топ 10-д бичигдэх болсон нь яах аргагүй энэ улсын эдийн засаг, аялал жуулчлал, төрийн зөв бодлогын үр дүн юм. Газрын баялаг, газар нутгийн хэмжээ, үндэсний өв соёл гээд байх зүйлгүй энэ улс Мэдлэгт суурьласан эдийн засагтай улс болон хөгжжээ. Удны цэвэр усаа хүртэл гаднаас импортлодог уг улс газрын тосны үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л мэдлэгт суурьласан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж байна. Ингээд энэхүү улсад хийсэн аялалын дурсамжаасаа хуваалцья.
Wonder garden. Гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгээр үдэш алхах нь хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Төрөл бүрийн жижиг ан амьтан, цэцэг навч, нуур цөөрөм, загас жараахай, ой мод энд цогцлоостой. Сингапур улсын заавал үзэх газруудын нэг яахын аргагүй мөн юм.

Сингапур улсыг олон улсад нэр хүндтэй болгосон бас нэгэн шалтгаан бол Marina bay sands буюу Хөлөг онгоцны хэлбэртэй усан сан бүхий  3 зэрэгцээ барилга юм. Дэлхийн хамгийн үнэтэй, үзэсгэлэнтэй зочид буудалд сонирхох зүйлүүд маш их. 2010 онд нээгдсэн энэхүү барилгыг америкийн архитектор зохион бүтээсэн. 2500 гаруй өрөөтэй зочид буудал, брэндийн дэлгүүр, казино, кино театр, уран зургийн галерей, олон үндэсний ресторан зэрэг бий.  












Share:

Saturday, February 10, 2018

"The longest ride" 2015 киноны тухай


Хүн бүрийн сонирхол өөр өөр байдаг шиг үздэг кино маань ч өөр өөр байдаг болов уу. Зарим нь аймшгийн, зарим нь адал явдалт, зарим нь уран зөгнөлт, шинжлэх ухааны, зарим нь түүхэн, харин зарим нь инээдмийн кинонуудыг илүүтэйгээр шимтэн үздэг. Кино гэдэг үнэхээр гайхамшигтай урлаг... Киноноос хүн аз жаргалыг мэдэрч болдог мөн уйтгар гунигийг ч мөн сэдрээж болдог. Сургамжтай гэмээр нэгэн кино үзсэн нь "The longest ride" кино байсан юм.

Киноны үйл явдал нэгэн хөдөөний бух унаач залуу, уран зураг сонирхогч коллежийн оюутан эмэгтэйн хооронд өрнөдөг. Хоёр өөр төрлийн сонирхолтой тэс өөр орчинд өссөн хосууд, тэднийг ухааруулах бас өөр нэгэн түүх, ирээдүйд учирч болох хүнд сонголтууд. Энэ бүгдийг тууштай байснаараа даван гарах аз жаргалын нэгэн түүх...






  
Share:

Friday, February 9, 2018

Нийгмийн шинжтэй сурталчилгаа

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.


Share:

Thursday, February 8, 2018

Эрэлтийг таамаглахдаа "the bullwhip effect"-ийг заавал тооцох хэрэгтэй.

Танай байгууллагын хувьд дараах асуудлуудын аль нэг нь тулгарч байгаа бол "The bullwhip effect"-ийн нөлөө байна гэж үзэж болно.
  1. Нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх оролцогч бүрийн хувьд илүүдэл болон тасалдал байнга үүсдэг
  2. Үйлдвэрлэл болон борлуулалтын төлөвлөгөөндөө өнгөрсөн сар эсвэл өмнөх жилийн мөн үеийг л авч үздэг
  3. Маркетингийн аливаа үйл ажиллагааны үр дүнг буруу эсвэл дутуу тооцдог. Үүнийгээ төлөвлөгөөндөө ашигладаггүй.
  4. Зах зээлийн мэдээлэл, судалгааг үйл ажиллагаандаа тогтмол ашигладаггүй
  5. Шууд эцсийн хэрэглэгч рүү борлуулалт хийдэггүй...
Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгчийн 1ш бүтээгдэхүүний эрэлтийн өөрчлөлт үйлдвэрлэгч цаашлаад Түүхий эд материалын захиалган дээр 1000ш хүртлээ өөрчлөгдөхийг "The bullwhip effect" гэж үздэг байна. Олон улсад энэхүү нөлөөг бууруулах тал дээр компаниуд маш их судалгаа хийж үйл ажиллагаа, шийдвэр гаргалтандаа ашиглаж байна. Харин монголд энэ чиглэлийн судалгаа дутмаг хийгдсэн байдаг. 

Хэрвээ "The bullwhip effect"-ийг бууруулж чадаагүй бол үр ашигтай үйлдвэрлэл гэж ярих нь утгагүй юм. Нэгж үйлдвэрлэгч бүр дээрх энэ үр ашиггүй байдал нь нийт үйлдвэрлэгчдийн хувьд томорсоор макро түвшинд улс орны эдийн засгийн хямралын том шалгаан нь гэж үзэх судалгааны тайлангууд ч бий.
Хэрхэн "The bullwhip effect"-ийн нөлөөг багасгах вэ?
  • Том захиалга, борлуулалтаас аль болох зайлсхийх
  • Захиалгын давтамжийг нэмэгдүүлэх
  • Зах зээлийн мэдээлэлийг үйл ажиллагаандаа ашиглах, бусадтай хуваалцах
  • 2 хүчин зүйлээр үйлдвэрлэл борлуулалтаа төлөвлөхгүй байх
  • үйлдвэрлэл, трейдинг компаниудын үйл ажиллагааг нэгтгэх
  • Үнийн хөнгөлөлт, маркетингийн үйл ажиллагаанаас зайлсхийх /асуудалтай эсвэл шинэ бүтээгдэхүүн биш л бол/
  • Үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч рүү хэд хэдэн цэгээр борлуулалт хийх


Share:

Wednesday, February 7, 2018

Цагаан сар


Нийт зах зээл рүү жил болгоны 1 ба 2 сард их хэмжээний бэлэн мөнгө орж ирдэг. Зөвхөн цагаан сараар хэрэглэгддэг бүтээгдэхүүний борлуулалт хэдэн зуун хувиар өсдөг бол энгийн бараа бүтээгдэхүүний эрэлт 30 орчим хувь өсдөг байна. Магадгүй энэ хэмжээний бэлэн мөнгөний өсөлтийн 20% өмнөх сараас, 10% нь дараа сараасаа авч зарцуулддаг. Тиймээс энэ үед компаниудын бараа бүтээгдэхүүний идэвхижүүлэлт нэмэгдэж бэлэн бялуунаас хэн нь их хэмжээгээр авч чадах вэ гэсэн тоглолтууд өрнөдөг. 

Цагаан сарын ач холбогдлыг маркетерууд дараах байдлаар авч үзээрэй. 
  1. Магадгүй 3 сарынхаа борлуулалтыг 7 хоногийн дотор хийх боломжтой. 
  2. Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлбэл зорилтот хэрэглэгчиддээ хэрэглэж, амталж, туршиж үзэх сайхан боломж бүрдэнэ
  3. Айл болгоны ширээ нийт монголчуудын анхаарлын төв байх тул ширээгээ лангуу гэж төсөөлөн сайн мерчиндайзинг хийх нь чухал
  4. Цөөн хэдэн цэгүүдээр худалдан авалтууд хийгдэнэ. Улаанбаатар хотод 6000 цэг байдаг гэвэл та 60 цэгээр буюу 10%-р нь л борлуулалтаа хийчихнэ.
  5. Реклам сурталчилгаанаас илүүтэйгээр үнийн хөнгөлөлтүүд нөлөөлнө.
  6. Айл бүрийн худалдан авалтууд багцаар хийгдэнэ. Тиймээс багцын бүтээгдэхүүн үйлчилгээ гаргавал амжилт олох магадлалтай.
  7. Цагаан сар бол түүхэн уламжлал. Тиймээс өнгөрөгч жил, угтан ирж буй жилүүдийн бэлгэдэл, дүрслэл зэргүүдийг маркетингийн концепцдоо ашиглах нь бас нэгэн ялгарал болж чадна.
  8. Битүүний өдөр хүртэл борлуулалт хийгээд зогсохгүй. Цаашаа дахин 7-10 хоног эрэлт үргэлжлэнэ. Ялангуяа хөдөө, орон нутагт. иймээс үүнийг ч бас бодолцож, үйл ажиллагаагаа төлөвлөх хэрэгтэй.
  9. ТВ сурталчилгаа явуулах гэж байгаа бол дахин нэг бодож үзээрэй. Бүх л компаниуд энэ үеийг сонгодог болохоор тэр дундаас хүнд хүргэнэ гэдэг хэцүү. Харин гудамжны самбар, light box сурталчилгаанүүд илүү үр дүнтэй байж болно. Учир нь цагаан сар дөхөөд замын түгжээ ч нэмэгддэг шүү дээ. WOM /word of mouth/, viral marketing ашиглах нь маш их үр дүнтэй.
  10. Цаг зав багатай ажил эрхлэгч хүмүүсийн хувьд байгууллагын худалдааг ашиглавал бас нэгэн борлуулалтын суваг болж чадна. 
Share:

Tuesday, February 6, 2018

"Allied" 2016 киноны тухай

Саяхан нэгэн киног санаандгүй байдлаар үзсэн ч маш их гүн сэтгэгдэл төрүүлж чадсан нь "Allied" байсан юм. Гайхамшигт учрал, хүнд хэцүү сонголтууд, бүгдийг даван туулах тэдний хайр сэтгэл...  энэ бүгдийг хослуулсан, мөн жүжигчдийн ур чадвар, зураг авалтууд энэ кино гайхалтай сайн уран бүтээл болоход нөлөөлсөн. Тагнуулч хосуудын тухай өгүүлэх энэхүү киног олон хүн үзсэн байх гэхдээ энэ киноноос үлдсэн сэтгэгдэл хүн бүр өөр өөр байж болох юм.


  




Share:

Monday, February 5, 2018

Байгууллагын дотоод сургалт

Дараах асуултуудын аль нэгэнд "үгүй" гэж хариуж байгаа бол танай байгууллага хүний нөөцийнхөө сургалт, хөгжлийн асуудлыг дутмаг анхаардаг гэж үзэж болно.
  1. Байгууллагын эрхэм зорилго, зорилт нь ажилтан нэг бүрийн ажил үүрэг дээр буусан уу, ажилтан бүр чинь үүнийг мэдэх үү?
  2. Ажлын байранд тавигдах шаардлагыг ажил үүрэгтэй нь уялдуулж нарийн тодорхойлж чадсан уу, сонгон шалгаруулалтандаа гол шалгуураа болгодог уу, ажилтан нэг бүрийнхээ шаардлагатай ур чадваруудыг байгууллагын зорилго, зорилттой уялдуулж тодорхойлж чадсан уу?
  3. Танай байгууллагын ажилтан нэг бүр өөрийгөө хөгжүүлж, хичээл зүтгэл гаргаснаар 1 жил, 3 жил, 5 жилийн дараа хаана хүрэхээ баттай мэдэж байгаа юу?
  4. Урт хугацаанд амжилттай ажиллаж буй туршлагатай ажилтнуудаа бусдад зааж сургах боломжоор нь хангаж чадаж байгаа юу?
  5. Дотоод сургагч багш нарыг бэлдэх хөтөлбөртэй юу, мөн тэдэнд зориулсан үр дүнгийн систем ажилладаг уу? Ер нь сургалтын хөтөлбөртэй юу, тухайн сургалтын үр дүнг хэмждэг үү
Хүний нөөцийн менежер нарт ажилчдынхаа сургалт, хөгжлийн төлөвлөгөөг гаргахад 2 сонголттой тулгарна. 
1. Одоогийн бизнес процесс өөрчлөгдөхгүй тохиолдолд, 
2. Өмнө нь явж ирсэн процесс өөрчлөгдөхөд, шинэ бизнес модель хөгжүүлэлт бий болоход

Эхний тохиолдолд гадны сургалтыг авах нь тохиромжгүй. Танай байгууллагыг одоогийн ажилчдаас чинь илүү мэдэх хүн байхгүй. Тиймээс тэдний нөөц боломжийг бүрэн дүүрэн ашигла.
Харин хоёрдах тохиолдолд та заавал гадны аутсорсинг, шинэ ноу-хауг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй.

Ингээд та эхний тохиолдолд байгаад дотоод сургалтыг зохион байгуулахаар шийдсэн бол дараах алхмуудыг дагаарай.
  1. Аль нэг алба хэлтэсийг сонгох. /Хэрвээ Хүний нөөцийн олон менежертэй бол олон албаыг зэрэг сонгосон ч болно/
  2. Тухайн албан дээр тулгардаг асуудлуудыг ажиглалт, санал асуулга, удирдлагатай хийх уулзалт, уялдаатай ажилладаг бусад албатай уулзах гм арга замуудаар тодорхойлох. Мэдээж бизнес процесстой холбоотой асуудлууд байх боловч үүнийг аль болох тухайн ажилтан дээр буулгахыг хичээх.
  3. Сайжруулах шаардлагатай ур чадваруудаар нь хэд хэдэн бүлэгт хуваах. Мөн нэг ур чадварыг нь ажлын байрны түвшингээс нь хамааруулан анхан, дунд, ахисан гэж хувааж ч болно.
  4. Тухайн ур чадваруудыг эзэмшүүлж чадах дотоод сургагч багш нарыг сонгон шалгаруулах
  5. Дотоод сургагч багш нарын сургалтын үр дүнг хэмжих, сургалтанд хамрагдсан ажилтнуудын ур чадварыг дахин үнэлэх үзүүлэлтүүдийг тодорхойлох 
  6. Сургалтын урт хугацааны хуваарь, урамшуулалын систем зэргүүдийг нарийн төлөвлөж байгууллагын удирдлагаар батлуулах
  7. Сургагч багш нарт бэлдэх хугацаа олгох, ном сурах бичгээр хангах
  8. Ингээд яг цаг, хуваарийн дагуу хэрэгжүүлэх. Танхим, бичиг хэрэгсэл зэргийг бэлдэх
  9. Үр дүнг тайлагнах
  10. Дараагийн төлөвлөгөөг гаргах


Share:

Sunday, February 4, 2018

Автомашины автомат зогсоол байгуулбал хэр ашигтай бизнес болох вэ?

Улаанбаатар хотын иргэдийн бас нэгэн том асуудалын нэг бол автомашины зогсоолын хүртээмжийн асуудал байдаг. Ялангуяа хотын төвд ямар нэгэн ажил хөөцөлдөхөөр явахад ихэнх цагаа зогсоол хайхад зарцуулж маш их стресс бухимдлыг бий болгодог. Төлбөртэй зогсоолууд байдаг ч хүрэлцээ муутай баталгаатай бус. 

Манай нэг найз маань сонирхолтой бизнесийн санаа гаргаж энэ бизнес хэр ашигтай байж чадах бол гэсэн асуултыг надад тавьсан юм. Ингээд хэдэн нөхдийн хамт улаанбаатар хотын төв цэг буюу сүхбаатарын талбайн эргэн тойронд 8 бүсийг сонгон автомашины зогсоолын нөхцөл байдалыг тодорхойлох ажлыг богинохон хугацаанд хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүн бас их сонирхолтой. 

Share:

Saturday, February 3, 2018

Борлуулалтын бүсчлэлийг зөв тогтоох нь яагаад чухал вэ?


Чингис хааны үеээс л газар нутгаа бага багаар томруулж, дайсныг дарж, хамгийн үржил шимтэй газрыг хайж, дайн байлдааны тактикаа боловсруулж, үргэлж давшиж байснаас анх байсан газар нутагтаа сэтгэл ханаж, амар тайван амьдрахыг зориогүй юм. Өнөөдөр зах зээлийн өрсөлдөөн дунд жижиглэнгийн компаниуд борлуулалтын бүс нутагтаа хэрхэн амьдарч байна вэ? 


Ямар нэгэн борлуулалтын компаниудад үүсч буй асуудлууд хоёрхон зүйлээс үүдэлтэй. Нэгдүгээрт тодорхойгүй байдал, хоёрдугаарт шударга бус байдал. Жижиглэнгийн борлуулалт хийдэг компаниуд монголд олон. АПУ, Эм си эс Кока кола, сүү хувьцаат компани, талх чихэр гээд л үргэлжилнэ. Эдгээр компаниудын борлуулалтын хэсэг дээр одоог хүртэл борлуулалтын ажилнуудын ачаалалыг тэнцвэржүүлэх, үр дүнг бодитоор үнэлэх, цаашид өсөх боломжтой байхаар бүсчлэлийг тогтоож, зохион байгуулж чадаж байгаа, энэ бүгдийг төгс шийдсэн гэдэгт эргэлздэг.

Ойролцоо потенциалтай 2 бүсийг хариуцсан 2 менежертээ 2 өөр төлөвлөгөө өгөөд, 2 өөр үнэлгээгээр борлуулалтын урамшуулалыг бодох, 1 менежер 10 харилцагчаар 10 сая ₮ борлуулалт хийдэг, нөгөө нэг нь 50 харилцагчаар орж байж 10 сая ₮ борлуулалт хийдэг тэгээд адилхан бонус авдаг, аль хэсэг потенциалдаа тулчихсан, аль хэсэг дутуу байгааг мэдэхгүй яваа бол энд шударга бус байдал байна гэсэн үг юм. Энэ тохиолдолд танай байгууллагын борлуулалт яасан ч нэмэгдэхгүй. Зарим нэг ажилчид чинь ажилдаа сэтгэл дундуур явах нь гарцаагүй. Ийм байхад тэднээс үр дүн, хичээл зүтгэл гарахгүй. Үргэлж харилцагчийн тоогоо нэм, борлуулалтаа өсгө, төлөвлөгөөгөө биелүүл, олон цагаар ажилла гэж шахдаг бол энэ бол борлуулалтын сайн удирдлагын шинж биш. Харин хэрхэн борлуулалтаа өсгөж болох аргыг хамтдаа хайдаг, үлгэрлэн харуулж чаддаг бол энэ жинхэнэ борлуулалтын сайн менежер.

Байгууллагын бүх түвшний ажилтнуудад танай байгууллага хаашаа явж байгаа, хаана хүрэх гээд байгаа түүнд хүрэхэд нь ажилтан нэг бүрийн оролцоо ямар байх нь ойлгомжгүй байгаа тохиолдолд байгууллагын удирдлага та хэн нэгнээс үр дүн шаардах хэрэггүй.

Share:

Friday, February 2, 2018

Зах зээл ба брэндийн мөн чанар

Саяхан төрөлх сургууль болох МУИС, ЭЗС-ийн Маркетингийн төгсөх курсийн оюутнуудад брэндийн талаарх семинар явуулахаар боллоо.
Сүүлийн хэдэн жил сургууль дээрээ очоогүй байсан, мөн удахгүй мэргэжил нэгт маркетерууд болон зах зээлд гарах гэж буй оюутнуудтай санал бодлоо солилцон, уулзах боломж гарсан учир би энэхүү саналыг хүлээн аван "Зах зээл ба брэндийн мөн чанар" сэдвээр семинараа бэлдэн очсон юм. Семинар маань 1 цаг 30 үргэлжлэх байсан ч төрөл бүрийн сэдвээр ярилцсаар бараг 3 цаг болсон байсан. Ингээд тус семинарт танилцуулсан илтгэлийг хүргэж байна. Энэ бол миний харж буй өнцөг юм. Магадгүй зарим хүмүүс санал нийлэхгүй байж болно.
Ер нь бүтээгдэхүүн хөгжүүлнэ гэдэг ямар зах зээлд орж байгаа, өрсөлдөөний түвшин цаашдын хандлага зэргээс шууд хамааралтай. Брэндийг хэн нэгэн үйлдвэрлэгч, брэнд хөгжүүлэгч компани, реклам сурталчилгаа, эсвэл урлаг соёлын ододууд бий болгохгүй. Харин энгийн нэг хэрэглэгчийн урт хугацааны сонголтыг даах чадвар брэндийг бий болгодог.




Share:

Thursday, February 1, 2018

Өөрийнхөө түүхээс суралц

Өөрийн блогоо нээж анхныхаа постыг бичиж сууна. Ямар сэдвээр бичих үү гэж нээх удаан бодсонгүй. Шууд толгойд орж ирсэн зүйлийнхээ талаар л бичлээ. Энэ бол блог бичиж эхлэхийн утга учир нь байсан юм. Чиний хувьд юу хамгийн их үнэ цэнэтэй вэ гэж хэн нэгэн асуувал өөрийн туулж өнгөрүүлсэн цаг хугацаа, дурсамжууд гэж хариулах байх. Магадгүй зарим хүмүүс өнгөрснөө үнэ цэнэтэйгээр үзэхгүй ч байж болох юм. Гэхдээ тийм биш гэж боддог. Өнгөрсөн бүхэн чамд худлаа хэлэхгүй, өнгөрснөө ухаарахгүйгээр чи ирээдүйг бүтээж чадахгүй.  Бусдаас суралцаж чаддаг хүн бол үнэхээр яахын аргагүй гайхалтай хүн. Гэхдээ ийм хүн болж төлөвшихийн өмнө өөрөөсөө, өөрийн өмнөх түүхээсээ суралцаж сурах нь хамгийн чухал юм шиг. Өдөр бүр, цаг минут бүр үнэ цэнэтэй. Энэ бүгдээс надад үлдсэн бүхнийг энэ блогоороо дамжуулж бичиж байх болно. Энэ нь хэн нэгэнд зориулсан бус өөрөө өөртөө л зориулсан, өөрөө өөрөөсөө суралцах гэсэн миний бас нэгэн оролдлого, арга зам болохыг үгүйсгэхгүй. Магадгүй энэ бүгдээс хэн нэгэн нэг сайн, сайхан зүйлийн сэдлийг авч үлдсэн бол миний бас нэгэн зорилго биелэх нь тэр.



Share:

Popular Posts

Миний тухай

Маркетинг судалдаг, аялалд дуртай, хааяа спортоор хичээллэдэг, чаддаг зүйлээрээ бусдад туслахыг хичээдэг...

Followers

Blog Archive

Total Pageviews

Copyright © Мэдсэн, харсан, сурсан бүхнээ... | Powered by Blogger
Design by SimpleWpThemes | Blogger Theme by NewBloggerThemes.com